Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ

447


Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ хойшдоо Тайванийн эрэгт тогтмол сургуулилалт хийнэ гэж тус улсын төв телевиз мэдээлжээ. “Үүнээс хойш ХАЧА-ийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд Тайванийн хоолойн “дундын шугам” гэж нэрлэгддэг бүсээс зүүн тийш тогтмол сургууль хийнэ” гэж Тайванийн эрэгт хийсэн цэргийн сургуулийн талаарх Хятадын төв телевизийн нийтлэлд дурдсан байна.  
Нийтлэлд мөн Хятадын цэргийн сургуулилалт нь "Тайванийн нутаг дэвсгэрийн ус гэж нэрлэгддэг зүйл байхгүй, Тайвань бол Хятадын нэг хэсэг, Хятадын флот өөрийн усан нутаг дэвсгэрт явж байгааг" харууллаа гэж онцлон тэмдэглэжээ.  БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми ням гарагт төлөвлөгөөний дагуу Тайванийн эрэгт сургуулилалтаа үргэлжлүүлсэн гэж ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны командлал өчигдөр мэдээлсэн байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын хариуд ХАЧА пуужин, нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцууд оролцсон өргөн цар хүрээтэй сургуулилалтыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт албан ёсоор эхлүүлсэн юм.  Сургуулилалт орон нутгийн цагаар 12:00 цагт арлыг тойрсон зургаан бүсэд эхэлж, ням гарагт дуусжээ. Айлчлалын хариуд цэргийн сургууль хийснээс гадна Бээжин Тайванийн хоёр сан, Пелоси болон түүний ойрын төрөл саданд хориг арга хэмжээ авч, Вашингтонтой уур амьсгалын өөрчлөлт болон хууль бус цагаачдыг нутаг буцаах асуудлаарх хэлэлцээ, эрүүгийн эрх зүйн туслалцаа үзүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх болон мансууруулах бодисны наймаанд хяналт тавих чиглэлээр хийж буй хамтын ажиллагааг зогсоосны дээр батлан хамгаалах байгууллагуудаар дамжуулан харилцаа холбоо тогтоох шугамыг тасалжээ. Бээжин мөн Тайваньд байгалийн элс экспортлохоо зогсоож, арлаас цитрусийн төрлийн жимс, зарим загасан бүтээгдэхүүн импортлохоо больсон. Хэдэн сарын турш эсэргүүцсэн айлчлалаас учрах бүх сөрөг үр дагаврын хариуцлагыг Вашингтон, Тайбэй хүлээх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ. 

Тайванийн хоолойд үзүүлэх цэргийн сургуулилалтаараа Хятадын арми арал руу довтлох бэлтгэлээ базааж байна гэж Тайванийн эрх баригчид Бээжинг буруутгасан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn