Солонгост ажиллах иргэдийн квот 1300-600 болж буурчээ

365



Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт эхэллээ. Цар тахлаас үүдэн хоёр жил хил хаасантай холбоотойгоор тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломж хязгаарлагдаад байсан юм. Тэгвэл ямартаа ч энэ оны сүүлчээр болон ирэх жилүүдэд ажиллаж амьдрах иргэдийн нөөцийг бэлтгэх зорилготой хэлнийн түвшин тогтоох шалгалт эхлээд байна. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ  оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлжээ. Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу ийнхүү энэ сарын 01-нээс аравдугаар сарын 19-нд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулна. Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм байна.
 
Эхний өдөр 120 иргэн шалгалтаа өгөхөөр ирсэн байв. 30,30 аар нь дөрвөн ээлжээр авч эхэлсэн юм. Солонгосын талаас энэ жил 676 хүний квот ирүүлжээ. Өмнөх жилүүдэд 1200-1300 орчим иргэнийг  гэрээгээр ажиллуулах квот ирүүлсэнтэй харьцуулбал ийнхүү нэг дахин буураад байна. Буурсан  гол шалтгаан нь “Covid-19” -ын тархалттай холбоотойгоор тус улс гадны орны иргэд хүлээж авахгүй байгаатай холбоотой аж. Нөгөөтэйгүүр, аж үйлдвэрийн салбарт технологи хөгжихийн хэрээр хүний гараар хийлгэх ажил  багассантай холбоотой байх магадлалтай. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахдаа хариуцлаггүй ажилласан зарим нэг иргэдээс шалтгаалж байгаа бололтой гэж  Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах ярьсан юм. 
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байгаа юм байна.
 
Тусгай шалгалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана. Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно гэлээ.
 
 
9000 хүн бүртгүүлэхээр хандсан ч хэлний бэрхшээлээс шалтгаалж 3469 хүн тэнцжээ 
Өнгөрсөн зургадугаар сард Солонгос улсад хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэд хэлний шалгалт өгөхөөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим шалгалтын хуудаст нийт 9000 гаруй хүн хандсан хэдий ч ихэнхдээ Солонгос хэлээр асуусан  асуултад хариулж чадахгүй байх, түүнчлэн төлбөрөө барагдуулаагүй зэргээс шалтгаалж 3469 иргэн тэнцжээ. Өчигдрийн байдлаар эхний ээлжинд  хэлний шалгалт өгөх ёстой 30 хүнээс 25 нь ирж таван хүн нь тодорхой бус шалтгаанаар ирээгүй байлаа. Эдгээр хүмүүсээс 100-гаас дээш оноо авсан нь зөвхөн 1.8 хувийг эзэлж байв. Үлдсэн нь яагаад тэнцээгүйг зохион байгуулагчаас тодруулахад тухайн үед бүртгүүлэхдээ  цахимын ард хэн нэгэн хэлний мэдлэгтэй хүнтэй хамтарч бүртгэлийн хуудсаар тэнцсэн байх магадлалтай хэмээсэн юм. Түүнчлэн өмнөх жилүүдийн шалгалт өгөх байдлаас анзаарахад бүртгүүлсэн хүмүүсийн 24 орчим хувь нь шалтгалтаа ирж өгдөггүй гэж байлаа. Одоогоор Солонгос улсад гурван жилийн хөдөлмөрийн гэрээгээр 6900 орчим иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдээтэй байна. Мөн 2018,2019 оны нөөцөд бүртгэлтэй БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршсан 872 иргэн байна. Эдгээрийн 500 иргэний цахим виз гарсан хэдий ч “СОVID-19”-өөс шалтгаалан явж чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 20-нд шалгалтын хариуг зарлах журамтай.  Шалгалт өгч буй иргэнтэй яриа өрнүүлэхэд “Солонгос улсад гэрээгээр ажиллах хүмүүс хамгийн түрүүнд солонгос хэлээ дээшлүүлэх шаардлагатай.
 
 
 
Хэлний мэдлэг дээр өндөр оноо авахын тулд БНСУ-ын Цагаачлалын албанаас зохион байгуулдаг солонгос хэлний Нийгмийн нэгдсэн хөтөлбөрт онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөөд хэлний түвшин тогтоож, сургалтанд хамрагдах хэрэгтэй”  гэсэн юм. 
 
 
Монгол Улсын иргэн 60 сар ба таван жилээс хэтрэхгүй хугацаанд ажиллаж амьдарч байгаа тохиолдолд сард 40 мянган вон төлж Монгол Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдаж байна. Ингэснээр ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэх аж.
 
Е-7-4 визний тухай 
Е-7-4 виз нь 2017 оноос БНСУ-д хэрэгжиж эхэлсэн ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз юм. Солонгос Улсад таван  жилээс дээш ажилласан Е-9, Е-10, Н-2 визтэй гадаад иргэн энэхүү визийг мэдүүлэх эрхтэй. Харин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн, цагаачлалын албаны хуулийг дөрөвөөс  дээш удаа зөрчсөн бол энэ визийг мэдүүлэх боломжгүй болно. БНСУ Е-7-4 визийг хэрэгжүүлэх гол зорилго нь гадаад ажилчдын хууль бус болох тоог бууруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг ур чадвартай ажиллах хүчнээр хангах, гадаад ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд оршиж байна. Жилд 1000 квоттой бөгөөд энэ нь дотроо ердийн, тусгай гэсэн хоёр  төрлийн квот байна. Үндсэн болон сонголтот шалгуураар оноо тоологддог. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэдээс нийт 50 орчим хүн Е-9 визнээс Е-7-4 виз рүү ороод байгаа тухай мэдээлж байна. Одоо Е-7-4 визний 2021 оны анхны улирлын ердийн квотоор сонгон шалгаруулах шалгалт ийнхүү үргэлжилж байна.
 
 
Ц.МягмарбаярЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn