2026 онд аялал жуулчлалын салбарт 250 тэрбумыг зарцуулна

10


Монгол Улс байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулах замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэвч бодит байдал дээр салбарын хөгжил төдийлөн хангалтгүй байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн дунд үйлчилгээний соёлыг төлөвшүүлж, урт хугацааны тогтвортой хөгжлөөс илүүтэй богино хугацааны ашигт төвлөрөх хандлага давамгайлж байгаа нь хөгжлийг сааруулах гол хүчин зүйл болж байна.

Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өсөж байгаа ч нэг жуулчнаас орох дундаж орлого болон аяллын хугацаа бага байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар жигд бус, дэд бүтэц сул, хүний нөөцийн чадавх хангалтгүй зэрэг дотоод асуудлуудтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, бид шинээр жуулчин татахад анхаарч байгаа ч ирсэн жуулчдаа сэтгэл ханамжтай буцааж чадахгүй алдах эрсдэлтэй.

Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тус зээл нь зургаан жил хүртэлх хугацаатай бөгөөд арилжааны банкны 18 хувийн хүүгийн 12 хувийг төрөөс хариуцаж, зээлдэгч үлдэгдэл 6 хувийг төлөх нөхцөлтэй юм. 2026 оны төсөвт хүүгийн дэмжлэгт зориулан 13 тэрбум төгрөг тусгасан нь зах зээлд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж байна. Санхүүжилтийг төрөөс шууд олгохгүй, харин арилжааны банкууд өөрсдийн шалгуур, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргах нь зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай.

Аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан энэ талаар онцлохдоо, арилжааны банкуудтай гурван талт хэлэлцээр байгуулж, зочид буудал, жуулчны бааз зэрэг зургаан чиглэлийн төслийг дэмжихээ мэдэгдсэн. Банкууд зээлийн шийдвэрээ бие даан гаргах бол салбарын яам хяналтын гэрээгээр дамжуулан зориулалтын зарцуулалтад хяналт тавих юм. Өмнөх туршлагаас харахад зээлийг зориулалтын бусаар ашиглах тохиолдол гарч байсан тул энэ удаагийн бодлогын хэрэгжилтэд илүү хяналт шаардлагатай байна гэдгийг хэлсэн.

Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт  чухал хэдий ч зөвхөн санхүүжилт нь бүрэн шийдэл биш юм. Зээлийг зориулалтаас нь хазайлгах эрсдэл өмнө нь ч тулгарч байсан тул банкны хатуу шалгуур, төрийн тогтвортой хяналт, ил тод байдлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.

Нөгөө талаас, оновчтой удирдлага, үр ашигтай менежмент бүхий хөрөнгө оруулалт салбарт бодит өөрчлөлт авчирна. Орчин үеийн жуулчид байгалийн сайхныг үзэхээс гадна соёл, ахуй, үйлчилгээний цогц туршлагыг эрэлхийлэх болсон. Тиймээс олон улсын стандартад нийцсэн байр сууц, мэргэжлийн хөтөч, тогтвортой аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх нь нэн тэргүүнд хэрэгтэй. Энэ нь жуулчдын зарцуулалтыг нэмэгдүүлж, аяллын улирлын хамаарлыг бууруулан жилийн турш орлого олох боломжийг бүрдүүлнэ.

Эцэст нь, аялал жуулчлал бол тээвэр, худалдаа, үйлчилгээ болон орон нутгийн эдийн засагтай нягт уялдсан цогц юм. Нэг жуулчны үлдээх орлого эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой. Гэвч бүх зүйл хэрэгжилтээс хамаарна. Зээл бол зөвхөн хэрэгсэл. Харин бодит үр дүнг тодорхойлох гол хүчин зүйл нь хариуцлага, тогтвортой бодлого, үр ашигтай хэрэгжилт юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn