"Төр иргэдийн халаасыг сэгсэрч, хувийн өмчид халдаж байна"

157

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэн Улаанбаатарт 48 цагаас дээш хугацаагаар зорчихдоо хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлөх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захирамж өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Уг захирамж ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм. Энэ нь хүний эрх зөрчиж байгаа эсэх талаар Хуульч О.Батхүүгээс тодрууллаа.

-Ирэх сарын 1-нээс  эхлээд Улаанбаатарт орж ирсэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс татаас, хураамж авахаар болсон. Энэ асуудлаар олон нийт эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би хувьдаа буруу шийдвэр гэж үзэж байна. Нийтийн тээвэр хангалтгүй байгаа учраас иргэд өөрсдийн унааг сонгон замын хөдөлгөөнд оролцож байгаа. Түүнээс монголчууд машин унах дуртайдаа хотоор машинтай тэнүүчлээд байгаа юм биш.
-Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр биш үү??
-Үндсэн хуульд, Монгол Улсын иргэн аль ч нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс энэ шийдвэр нь иргэдийг хөдөө, хотоор нь ялгаж байна. Хөдөөгийн иргэдийг Улаанбаатарт зорчиход хураамж авдаг байж болохгүй. Бас нэг зүйл нь машин бол хүний хувийн өмч тэгэхээр төр хүний хувийн өмчид халдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн хувийн өмчийг ашиглах боломжгүй болж байгаа юм. Тиймээс хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчим алдагдаж байна. Энэ жишгээр байвал Улаанбаатарын иргэд хөдөө очихдоо мөнгө төлөх юм уу гэдэг асуудал гарч ирнэ.
-Нэг өдөрт 16-19 мянган тээврийн хэрэгсэл нийслэл хот руу орж ирдэг гэсэн судалгаа байдаг. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авснаар замын хөдөлгөөний ачаалал таван хүртэл хувиар буурах боломжтой гээд байгаа шүү дээ?
-Орон нутгийн иргэдээс хураамж авлаа гээд түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй.
Энэ асуудлын шийдэл ерөөсөө биш. Иргэдийнхээ халаасыг сэгсэрч байгаа хэрэг.
Хүмүүс орон нутгаас Улаанбаатарыг зүгээр зорьдоггүй. Тухайлбал, гэр бүлийнх нь хэн нэгэн өвдөөд эмнэлгээр явах гэж, хүүхдээ сургуульд оруулах гээд ямар нэг ажилтай ирж байгаа. Тэгэхээр хотод явахаар 5000 төгрөгийн хураамж төлөх юм чинь гээд машинаа тавиад таксигаар эсвэл нийтийн тээврээр явахгүй. Өдөржин такси хөлслөөд явахаар 50,60 мянган төгрөг гарна. Тиймээс хүн хувийн унаагаараа явна. Тэгэхээр орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэдээс 5000 төгрөгийн хураамж авснаар түгжрэл буурна гэж байхгүй. Хөдөөгийн иргэдээс авсан мөнгөөрөө хот төсвөө бүрдүүлж байгаа хэлбэр гэж харж байна. Зайлшгүй ажилтай болоод машинаа унаад явж байгаа. Энэ их түгжрэл дунд хийх ажилгүй дээ машинаар зугаалаад байгаа асуудал байхгүй. 5000 төгрөгөөс болоод машин унахаа болино гэж бодохгүй байна. Ажлаа бүтээхийн тулд хураамжаа төлөөд зорчих байх.
-Хүний эрхийн үндэсний комиссоос бөөрөнхий тайлбар өгсөн байна лээ?
-Уг шийдвэр нь хэн нэгний захирамжаар гарч байгаа. Энэ нь захиргааны хэм хэмжээний акт. Уг захиргааны хэм хэмжээний актыг гаргахын тулд Захиргааны хэм хэмжээний хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Судалгаа хийсэн байх шаардлагатай.
Энэ шийдвэр хотод ирж байгаа орон нутгийн бүх хүнд хамаатай. Тэгэхээр эдгээр иргэдээс саналыг нь авч, хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа батлах ёстой.
Тухайлбал өнгөрсөн жил гэнэт нэг өдөр тэгш сондгойгоор явах шийдвэр гаргасан. Үүнийг нь мэдээгүй иргэн замын хөдөлгөөнд оролцож байгаад 250 мянган төгрөгөөр торгуулсан. Энэ асуудал цахим орчинд нэлээд шүүмжлэл дагуулсан. Уг залуу шүүхэд хандаад хоёр шатны шүүхээр яваад торгох нь хууль бус болох нь тогтоогдсон. Үүнтэй адилхан шийдвэр гэж үзэж байна. Үр дүн нь түгжрэлийг бууруулах гэж үзэж байгаа бол энэ шийдэл үнэхээр биш гэж үзэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn