Украин: Газрын хөрснөөс арчаад хая!
Украинд 775 хоног үргэлжилсэн Оросын цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс wikipedia.org/wiki/ Соловьёв_Владимир_Рудольфович, 24tv.ua/ru/rossijskaja-propaganda сайт, зөвлөлтийн чекист бөгөөд Путины эртний найз Юрий Швецийн ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украиныг газрын хөрснөөс арчаад хая! Хохоолуудыг хяд устга! Харьковыг үнсэн товрого болго! Харьковыг тактикийн цөмийн зэвсгээр газрын хөрснөөс арчаач! Берлин, Лондон руу цөмийн пуужин харва! Киев гэж нацист хот яагаад оршин тогтноод байгаа юм?...“Кремлийн пропагандист Владимир Соловьёв” гэж Геббельсийн орчин үеийн сонгодог нэг дүр дэлхийн хэвлэл мэдээллийн талбарт ийнхүү мөнхөрчээ. Орос хэлтэй монголчууд өдөр бүр оросын ТВ-ээс үздэг, мэдэрдэг, зарим нь даган баясдаг үнэмшдэг байх. Түүнийг баруунд цагаандаа гарсан дезинформац-фейк-тэнэглэлийн мастер гэж хочилдог ба ТВ-ийн эфирээр хорсол занал, үзэн ядалтаа дээд цэгт нь тултал цацаж чаддаг, оросын ард түмний тархи угаахын сонгодог үлгэр жишээ болж яваа нэгэн хэмээн цоллодог. Харин хожим Олон улсын шүүхээс дайны гэмт хэрэгтний ял сонсон, бүх насаараа хоригдох дээрээ тулна чинээ одоогоор Орост хэн ч төсөөлөхгүй яваа.
Еврей цустай, АНУ руу цагаачлан гараад бараг тэндээ шингэх гэж байсан, бизнесийн махинацчин, “Нэгдмэл Орос” намын эсрэг намын зүтгэлтэн байсан нь одоо чухал биш. Гэхдээ Украиныг ингэтлээ үзэн ядаад байгаа нь ч зөрчлийн урт зам туулжээ.
2008 онд цууриатуулж байсан үгс нь байна:–Орос, Украины хооронд дайн дэгдээхийг санаархагч бол гэмт хэрэгтэн мөн. Ямар дайн дэгдэхийг би үнэхээр төсөөлж чадахгүй байна. Оюун санааны хувьд ч, цусан төрлийн хувьд ч, түүхийн хувьд ч манай ахан дүүс Украинд аж төрдөг бөгөөд хэрэв тэдний эсрэг дайн өдөөвөл хамгийн аймшигт гэмт хэрэг болно шүү! “Севастополь манайх”, “Крым манайх” гэж Та нар хашгачих хэрэггүй шүү!
2013 оны үгс:–Крым Та нарт ямар хэрэгтэй юм бэ? Хрущев Крымыг үнэмлэхүй хуульчлаад Украинд өгчихсөн шүү дээ. Хэрэв бид дайн гэж ярих гээд байгаа юм бол Та бүхэн Украинтай дайтахыг хүсээ юү? Аль хэдийнээ татаарын нутаг дэвсгэр болчихсон Крымыг эзлэн авахын төлөө хичнээн олон украин, орос хүний амь эрсдүүлэхэд Та нар бэлэн байгаа юм уу гэж ярьж байжээ.
Тэгснээ 2014 оны гуравдугаар сарын 18-наас 180 градус эргэн хадуурч гарчээ. “Энэ өдөр ингээд хүрээд ирэх байсан юм уу? Бид чадлаа. Крым ба Севастополь Оросын бүрэлдэхүүнд дахин орж ирлээ. Түүхэн шударга ёс яллаа” гэжээ.
Соловьёвыг судалдаг барууны ба украины сэтгүүлчдийн бичиж байгаагаар бол Украинд өрнөсөн “Евромайдан” түүнийг ийнхүү 180 градус эргүүлж, оросын их гүрний үндсэрхэг дээрэнгүй үзэлтэн болгож хувиргажээ. Оросын захиалгатай, санхүүжилттэй, магадгүй ОХУ-аас тусгай хүчнийхэн очиж томилолтоор ажиллаж “Евромайдан”-ыг цус урсган дарах гэж оролдсон тусгай хүчний “Беркут” дайчдыг Киевийн гудамжинд жагсагчидтай тулалдаж байх ахуйд Соловьёв нь хэсэг сэтгүүлчдийн хамт “Все мы-Беркут” гэх фонд байгуулсан ба тэгснээрээ Соловьёв “Европын Украин”-ы эсрэг 100% зогсох торгон эхлэлээ тавьжээ. Тэгснээрээ Оросын ард түмний ба Донбассын орос хэлт украинчуудын тархийг 8 жил базсан суртал нэвтрүүлэг-үзэн ядалтын кампанит ажлыг эхлүүлэгчдийн эхний эгнээнд гарч иржээ.
2022 оны СВО эхэлсний дараа дан хараал зүхлээр дүүрсэн, өөрөө маш ихээр хямарч бухимдаж байгаагаа ил тунхагласан нэвтрүүлгүүдийг өдөр бүр хийсээр өнөө хүрчээ. 2022 оны 8 дугаар сард “Россия-1” телеканалын эфирээр өөрийгөө “Би террорист байна” гэж зарлаж байгаад украины хотууд, оршин суугчдыг шууд устгахыг уриалан дуудав. “Харьков, Николаев, Одессаас тайван замаар дүрвэн гарахад чинь гурван өдөр өгье. Хэрэв тэгэхгүй бол чинь хороолол хорооллоор нь устгана, цохилт өгнө шүү. Тэртэй тэргүй би бол террорист хүн, тэгж л хэлье” гэж хашгачин байв.
Соловьёвын ажлын арга барил юу вэ гэдэгт оросын “Новая газета” сонин дүгнэлт хийжээ. Мэдэж цөхөх юм байхгүй. Үзэн ядалтын хорт хэл, хорсол бухимдал, хашгараан, хагас галзуурал, хүн ёсны эсрэг шууд доромжлол, гутаан доромжлол–энэ бол гол арга барил нь гэжээ. “Вечер с Владимиром Соловьёвым” телешоу, радиогийн “Полный контакт” нэвтрүүлэг бол түүний бүтээл, гол суваг, Оросын ертөнцөд түүнийг алдаршуулж байгаа гол зэвсэг нь.
Түүний ярьсан гол сэдэв юу байв гэдгийг 2022 эхний улирлын өдөр судраар ганц нэгийг жишээлье. 2022.01.25: Украин бол нацист улс мөн; 2022.01.26: АНУ бол Европын эдийн засгийг нурааж, Европыг америкийн шингэрүүлсэн хийн хамааралтай болгохын тулд Украиныг Оростой дайтуулахаар хатгаж байна; 2022.01.29: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бол сэтгэл мэдрэлийн өвчтэй, Киев нь Донбасст бөөгнөрүүлсэн террорист үйлдэлд бэлтгэж байна; 2022.01.30: Их Британи, Польш, Украин гурав Орост халдахаар төлөвлөж байна; 2022.01.31: Англисаксууд Орос-Украины хоорондын дайныг мөрөөдөж байна; 2022.02.02: АНУ оросын хүүхдийн эсрэг санкц тавихаар төлөвлөж, Европыг хаост автуулахыг хүсч байна; 2022.03.06: Украинчууд оросын давшилтыг хуурамчаар зохиомжлов; 2022.03.12: Пентагоноос Украинд биологийн зэвсэг боловсруулж байна; 2022.03.16: Оросыг хорлохын тулд украинчууд өөрийнхөө иргэдийг алж, харин Орос зөвхөн цэргийн зорилгыг өмнөө тавьж байна гэх мэт.
Хэрэв цаашаа жишээ хайвал Соловьёвын хараасан, геноцид хийнэ гэж занасан, амаараа бол олон дахин ялчихаар хэлэгдсэн хар хортой үгс тоймгүй олон. Өдөр бүр хавтаст хэрэг нь баяжиж байна.
Эндээс ганц л дүгнэлт байна. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд стратегийн ганц ч ялалтгүйгээр олон зуун мянган цэргээ сүйтгэн амжилтгүй давшиж, ганц сөөм газрыг асар их үнээр авч, хамаг зэвсэг техникээ байлдааны талбарт төмрийн хог сэг болгож, дэлхийд тэргүүлэх, “2-рт эрэмбэлэгдэх арми” гэсэн нэрээ хугалж дууслаа. Оросын цэргийн үхэл хорогдол, зэвсэг техникийн сүйрлийн тухай мэдээ өдөр бүр тасрахгүй. Хохирол нь украиныхаас 2.5 дахин давсан хэвээр. Үүнд нь Оросын эрх баригчид, тэдний суртал нэвтрүүлэгчид боож үхэж, босч харайх дээрээ тулсан ба тэдний тархи нерв нь асар ихээр үхжин байна. Сонгодог жишээ нь галзуурахад ганц хуруу дутуу энэхүү Соловьёв мөн.
Орос эхнэртэй нэгэн гадаад иргэн бичжээ. Орос орны үнэн нүүр царайг 21 жилийн тэртээ олж хараад тэр тухайгаа цахим ертөнцөд англиар бичжээ. “Би 1990-ээд онд Москвад хэдэн жил ажилласан чех иргэн. Би азаар тэнд орос бүсгүйтэй гэрлэж, эдүгээ 31 жил ханилан явна. 2003 онд миний гэргий Орос руу явж эмээд нь, нагац эгч, ахад нь, өвөөд нь ач охиныг үзүүлж танилцуулаад эргэж ирсэн. Ирээд надад ярьж байсан нь санагдлаа. Огт таалагдсангүй гэж ярьж байсандаг. Энд тэндгүй үндсэргэх суртал ухуулга. Орос хамгийн мундаг гэж зарлан тунхагласан, энд тэндгүй Оросын төлөө зориулагдсан Путин гэх мэт. Тэр нь явж явж нацизм, фашизм болж хувирах вий, тэгээд бусад улс руу түрэмгийлэх вий гэхээс үхтлээ тэр айчихсан ирсэн. Тэр уриа цууриа нь Орост шашны уншлага мэт болчихсон, үнэхээр айдас төрүүлсэн гэж ярьдаг байв.
Өнөөдөр эхнэр бид хоёр украины дүрвэгч эмэгтэйчүүд хүүхдүүдэд туслаж байна. Дайнд ялагдсаныхаа дараа Орос нь Путины фашист дэглэмээс салж энхийг эрхэмлэгч, найрсаг улс болж даян дэлхийд өөрийн байр сууриа эргүүлж авна гэдэгт итгэлтэй байна. Би хувьдаа өнөөгийн Оросыг хүндэтгэхгүй, тэнд дураараа ноёрхож байгаа фашист дэглэмийг нь буруушаасаар байх болно” гэжээ.
Орос орон “библийн” (глобал) масштабын дайнд татагдан орлоо гэсэн утгаар Юрий Швец №710 ярилцлагаа youtube-д оруулжээ. Эрт дээр үед Ойрхи Дорнодод жүүдийн шашны Синагог руу халдсанаас олон дайн зэрэг зэрэг дэгдэж, олон улс түмэн хэлмэгдэж байсныг Крокус руу ИГИЛ/Хорасаны тажик-мусульман террористууд халдсаныг дүрслэн ярьжээ. ИГИЛ нь Ираны эсрэг энэ оны эхээр халдсан. Керман хотод бөмбөг дэлбэлж 100 орчим хүн алагдсан. Одоо Орос руу халдаж байна. Орос руу халдана гэдгийг АНУ, Баруун төдийгүй Иран Орост сануулж анхааруулсныг үл тоосон. Орос ИГИЛ-тэй байлдаж эхэллээ, Орос даяар мусульманчууд Москвагийн эсрэг босоход далдуур бэлтгэгдэв, Сирид ираны генералууд алагдаж, Израилийн эсрэг Иран пуужингийн дайнд бэлтгэж, Орос нь Сирийн дэглэмийг хамгаалж, Орос-Иран хоёр “библийн шинэ дайн”-д холбоотон болж, АНУ ба Баруунтай байлдахад бэлтгэв. Гэхдээ энэ бол тэдний хувьд төгсгөл болно хэмээн ярьжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь