“Сайн цаг” хүлээсэн шүүгдэгч нар шүүх хурлыг хойшлуулсаар

510
Тавдугаар сар дөнгөж эхэлж байна. Энэ сард алдар хүндтэй, хариуцлагатай алба хашиж байсан олон хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Төрийн хамгаалалтад байсан яллагдагч амиа алдсан хэрэгт буруутгагдсан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагч Г.Сүхболд тэргүүтэй хүмүүс, Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт холбогдсон шүүгч нар, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, төрийн яаманд архидан согтуурч, бусдын аминд хүрсэн гэх ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбал гээд олон хүний гэм буруутай, эсэхийг энэ сард хэлэлцэхээр товлоод байгаа. Зарим хэргийг өнгөрсөн онд шүүхэд шилжүүлсэн боловч шийдэгдэхгүй сунжирч өнөөдрийг хүрлээ. Үндэслэлтэй, үндэслэлгүй хүсэлт гарган, гомдсоор шүүх хурлыг хойшлуулах бүрт ард түмэн адгаж, бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа билээ. Үнэндээ ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн шүүх хурал 10 удаа хойшлов. Уг хэргийг баасан гарагт хэлэлцэнэ. Хэргийг тухайн өдөр хэлэлцэж, шүүгч тогтоолоо гаргах, эсэх нь бас л эргэлзээтэй. Сүүлийн шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Ес дэх удаад шүүгдэгч өмгөөлөгч нэмж авна хэмээн санал гаргаснаар хурлыг хойшлуулсан.
Ийнхүү Б.Махбалд холбогдох хэргийн хурал нэг... зургаа, долоо, найм, арав дахь удаагаа хойшилсон шалтгааны дийлэнх нь өмгөөлөгчтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүгдэгч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өнгөрсөн сарын 27-нд эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлыг хойшлууллаа. Өмнөх шүүх хурлын үеэр ч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч нар тодорхой санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ.
Шүүгдэгчид энэ мэтээр өмгөөлөгчөөсөө татгалзлаа, солилоо, өмгөөлөгч нар нь шүүх хурал давхацлаа, өвчтэй, чөлөөтэй, бүр гадаадад явсан хэмээн арга саам хэрэглэж, шүүн таслах ажиллагаанд нэг бус удаа саад учруулж байсан. Энэ хэрээр өмгөөлөгч нарын нэр хүнд унаж буй. Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ уснаас хуурай авч гарахын тулд үнэн, худал хэлж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргадгийг олон нийт гадарлаж, ил цагаан шүүмжлэх болсон. Ер нь өмгөөлөгч нарын нэр хүнд унаж, шүүгдэгч нар тэднийг оймс шигээ сольж буй нь нууц биш. Өмгөөлөгч үнэгүйдсэн асуудалд дүгнэлт хийх цаг болсныг Монголын хуульчдын холбоо өөрсдөд нь анхааруулжээ. Тодруулбал, Монголын хуульчдын холбооны Ёс зүйн хорооны хурлаар өмгөөлөгч нарын заримд нь нээлттэй, бас бус хэсэгт нь хаалтай сануулж, цахим хуудсандаа нэрийг нь зарлалгүй өнгөрөөсөн гэдгийг эх сурвалж хэлж буй.
Үүнээс гадна 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ шүүх хурлыг хойшлуулах үндэслэл хэсэгт нэлээд хэдэн заалтыг найруулан оруулжээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 34.16-д “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй, шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн, улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон, шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон, шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна” хэмээн хуульчилж, шүүх хурлаа хойшлуулах түмэн шалтаг, шалтгаан хэлж болохоор болгосон юм.
Хуулийн зүйл заалтыг тодорхой болгосон нь сайн хэмээх нэг хэсэг байхад, явахаар зэхэж буй гишүүд өөрсдөдөө зориулан цоорхой гаргасан гэж хардах нөгөө хэсэг ч байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 34.16-д зааснаар элдэв шалтаг хэлж, цаг хожсоор хэргээс мултрах, улмаар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах нь гэсэн хардлага олны дунд хэдийн бий болжээ.
Сонгуулийн дараа “сайн цаг” ирнэ гэх хүлээлт олон шүүгдэгчид бий бололтой. Тодруулбал, сонгуулийн үр дүнгээр зарим хэргийг цагаатгана, хэрэгсэхгүй болгоно гэх яриа хэдийн гарсан байна. Мөн шүүх хурал хойшлуулахаар заасан хуулийн дээрх үндэслэл зарим шүүгдэгч нарт өгөөш болов. Тухайлбал, хотын дарга асан, шүүгдэгч Э.Бат-Үүл нар өмгөөлөгчдөө ээлж дараалан сольсоор. Э.Бат-Үүл өмгөөлөгчөөрөө дамжуулан элдэв хүсэлт гаргахдаа адтай нэгэн. Тэдгээр өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцана, өвчтэй, чөлөөтэй гэсээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулж ирсэн. Тэгж байтал эл хэргийн прокурор солигдож, хэргийн материалтай танилцах хүсэлт бас гаргаадахав. Энэ мэтээр хэргийг мөрдөн, шалгаж, хяналт тавьж, шүүн таслах ажиллагаа урагшлаад буй мэт харагдавч, үнэн хэрэгтээ үр дүн гарахгүй, шүүх хурал эхэллээ, хойшиллоо гэхээс өөр онцын ахиц үгүй байгаа юм.
Дэлхийн аль ч орны шүүх эрх мэдлийн байгууллага шүүгдэгчид хэргээ үнэн мөнөөр нь шийдүүлэх боломж олгодог. Гэхдээ шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг нэгбүрчлэн, баруун, солгойгүй хүлээж авдаггүй, хуульд нийцсэн, эсэхийг сайтар хянадаг аж. Тиймдээ өндөр хөгжилтэй орнуудад шүүх хурал удаа дараа хойшлох үзэгдэл байдаг ч үр дүн нь олон нийтийн эрх ашигт нийцдэг гэнэ лээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 15-нд болсон хэлэлцүүлгийн үеэр УБТЗ нийгэмлэгийн дарга асан, шүүгдэгч Л.Пүрэвбаатар өөрийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар хурлыг хойшлуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хүлээж авсан.
Улсын дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд хянан хэлэлцсэн юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 34 дүгээр захирамжид гомдол гаргасан. Тэдний гомдлыг шүүх хянан хэлэлцээд үндэслэлгүй гэж үзэн хэргийг анхан шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Ер нь, албан тушаалтан, хээл хахууль, нэр төртэй эрхмүүдийн холбогдсон хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь олон. Дээр дурдсан хэргүүдээс нэг бусыг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасныг уншигчид санаж буй биз ээ. Ийн ноцтой, хор хохирол ихтэй хэргүүд тэр бүр шийдэгдэхгүй, цаг авсаар байгаа нь өмгөөлөгчөөс гадна мөрдөн байцаагч, хяналтын прокурор, шүүгчтэй холбоотой аж.
Одоогийн хуулиар шүүх хурлаас өмнө урьдчилан хэлэлцүүлэг хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцдэг болсон. Энэ үеэр өмгөөлөгч нар шүүгчийг элдэв хүсэлтээр булах нь элбэг. Тухайлбал, хэрэгт нэмэлт шинжээч томилуулах, гэрчийг асуулгах зэргээр мөрдөн байцаалтын үед ийм ч асуудал дутуу шалгасан, тийм ч зүйл гээж орхисон хэмээдэг юм байна. Уг нь аливаа хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө өмгөөлөгч дээрх хүсэлтийг гаргадаг ч мөрдөгч хангахаас татгалзах нь олон. Улмаар прокурорын шатанд өнөөх хүсэлтээ тоть шиг давтдаг ч улсын яллагч бас л үл хэрэгсэж, хэргийг шүүх рүү шилжүүлдэг. Тиймээс шүүхэд хэргийг хэлэлцэх явцад өмгөөлөгч дахиад л хүсэлт гаргадаг аж. Хуульд зааснаар хэрэг, маргааныг шийдвэрлэхэд гэрч, шинжээч зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээр шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах нь цөөнгүй. Тодруулбал, мөрдөн байцаагч нар ажиллагаагаа гүйцэд хийгээгүй, прокурорууд хяналтаа яс тавьж чадаагүй буюу ажлаа дутуу хийснээс хэргийг нэмэлт ажиллагаанд буцаадаг аж....Хуулийн зүйл заалтыг тодорхой болгосон нь сайн хэмээх нэг хэсэг байхад, явахаар зэхэж буй гишүүд өөрсдөдөө зориулан цоорхой гаргасан гэж хардах нөгөө хэсэг ч байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 34.16-д зааснаар элдэв шалтаг хэлж, цаг хожсоор хэргээс мултрах, улмаар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах нь гэсэн хардлага олны дунд хэдийн бий болжээ...
Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн хэргийг улс төрийн зорилготойгоор шуурхай шийдэх нь бий. Жишээ нь, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ хэмээн хоёр жилийн өмнө дуулиан дэгдээсэн. Бусдын гарт амиа алдсан УИХ-ын гишүүн С.Зоригийн ах С.Баяр, мөн дүү С.Оюуныг төлөөлж шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Л.Энхсайхан энэ талаар “Хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй тул хэргийг хэлэлцэх үед “Шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан. Эл хэргийн материал 58 хавтастай. Гэтэл өмгөөлөгч бүхэл бүтэн 15 хавтас хэрэгтэй танилцаагүй байхад шүүх хүсэлтийг хангахгүй, хууль зөрчин байж хэргийг хэлэлцсэн” хэмээн ярьсан юм. Хавтаст хэрэгтэй бүрэн танилцах нь хуульд заасан, заавал хангах ёстой үндэслэл байсан гэх. Олны анхаарал татсан энэхүү хэргийг өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй, тухайн үеийн шүүх хурал улс төрийн зорилготой байсан нь өнөөдөр олны нүднээ ил болсон билээ.
Шүүх хурлыг хойшлуулахад тухайн хэргийн оролцогчид бүгд их бага хэмжээгээр хамаатай болж таарах нь. Мөрдөгч дутуу шалгадаг, улсын яллагч түүнийг нь олж харалгүй шүүхэд шилжүүлдэг. Шүүх бүрэлдэхүүн заримдаа улстөржөөд асуудлыг яаравчлан шийддэг. Нөгөө талаас өмгөөлөгч нар шүүгдэгчтэйгээ үгсэн хуйвалдаж шүүх хурлыг хэдэн ч удаа хүссэнээрээ хойшлуулдаг гэж хардаж болохоор.
Шүүх хурлыг хойшлуудаг гаж тогтолцоог хэн бий болгодог вэ. Энэ асуултад хуульчид “Хууль тогтоогчид буюу УИХ-ын 76 гишүүний эрх зүйн мэдлэг дутмаг байна. Бид хууль тогтоогчдын боловсруулан, баталсан хуулийг дагаж мөрддөг” хэмээн хариулсан. Хуульчид эрх баригчдыг боловсрол, тэр тусмаа хууль зүйн мэдлэгээ дээшлүүлээсэй хэмээн хүсэж буй. Товчхондоо, эрх баригчдын баталсан хууль нийгмийн харилцааг зохицуулж, шударга ёс тогтоож чадахгүй байгааг хуульчид мөн шүүмжилсэн билээ.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn