Беларусь, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлав

188


БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын дарга Ши Жиньпинтэй Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийлээ.  
 
Хоёр улсын төрийн тэргүүн нар өргөн болон цөөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийснийхээ дараа Беларусь, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эринд хөгжүүлэх үндсэн зарчмын тухай хамтарсан мэдэгдлийг баталлаа. 
 
Түүнчлэн хоёр орны удирдагч нарыг байлцуулан эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, гааль, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, бүс нутаг хоорондын харилцаа зэрэг янз бүрийн салбарын хамтын ажиллагааны тухай томоохон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Хэлэлцээ эхлэхийн өмнө Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн оны есдүгээр сард Самарканд хотноо Хятад-Беларусийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэр гаргасан нь хоёр орны өргөн хүрээний хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц болсон гэв. Тэрбээр мөн Хятад, Беларусь хоёр орон бат бөх, эвдрэшгүй найрамдалт харилцаатай хэмээн онцлон тэмдэглээд, талууд улс төрийн харилцан илтгэлцлээ үргэлж бэхжүүлж, бие биенийхээ жинхэнэ найз, найдвартай түнш байх ёстой гэлээ. 
 
А.Лукашенко Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал амжилттай болсонд дахин халуун баяр хүргэж, Ши Жиньпин даргын бат бэх удирдлага дор Хятад улс шинэ гялалзсан ололт амжилтад хэлбэрэлтгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Хэлэлцээ эхлэхийн өмнө Ши Жиньпин Ардын хурлын ордны хойд танхимд Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенког угтан авах ёслол хийсэн байна. А.Лукашенког Тяньаньмэний талбайд хүрэлцэн ирэхэд ёслолын буудлага буудуулж, хүндэт харуул жагсжээ. Хэлэлцээний дараа Ардын хурлын ордны Алтан танхимд Беларусийн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх албан ёсны үдийн зоог барьсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn